Энэтхэг улс Афганистаны иргэдэд виз олгож эхлэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-27
2021 оны наймдугаар сард талибууд Афганистаны засгийн эрхэнд гарснаас хойш дөрвөн жилийн дараа Энэтхэг улс Афганистаны иргэдэд виз олгож эхлэв. Тус улсын Дотоод хэргийн яам цахимаар виз мэдүүлэх боломжтой гэж үзсэн хөрөнгө оруулагчид, уран бүтээлчид, оюутнууд, өвчтөнүүд зэрэг хязгаарлагдмал хүрээний хүмүүст виз олгож эхэлсэн байна. Мөн Энэтхэгт үнэ төлбөргүй зохион байгуулагддаг арга хэмжээнд оролцохыг хүссэн соёлын зүтгэлтнүүд, тус улсад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хүмүүс, Энэтхэгт сурч байгаа оюутнуудын эцэг эхчүүд виз мэдүүлэх боломжтой болжээ. Дөрвөн жилийн өмнө талибууд засгийн эрхэнд гарсны дараа Энэтхэг улс Афганистаны нийслэл Кабул дахь Элчин сайдын яам, консулын газраа хаан виз олгохоо зогсоож, нэгэнт олгоод байсан олон мянган афганчуудын визийг цуцалсан юм. Өнгөрсөн удаад Талибаны засгийн газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки Кабулд айлчилсан Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Ж.П.Сингхтэй уулзаж, хамтын ажиллагааны арга замын талаар ярилцаж, Афганистаны иргэдэд виз олгохыг хүссэн юм. Афганистаны бизнес эрхлэгчид ч Энэтхэгийн засгийн газрын энэ алхмыг сайшааж, энэ нь хоёр орны худалдааг өргөжүүлэхэд тустай хэмээн үнэлж байна. Гэхдээ Энэтхэг улс бусад орны нэгэн адил Талибаны засгийн газрыг хараахан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.